Wednesday, May 6, 2015

Шинэ ёс зүйг шаардах алтан боломж

90-ээд оны ардчилсан хувьсгал гэх! Энэ бүхэн бага байхад маань болж өнгөрсөн. Аав, ээж, ах эгч нар маань бүгд л болж байгаа үйл явцыг телевизээр нүд салгалгүй харж, их догдолж байсан санагдах. Бүгд л Сүхбаатарын талбайд очихоор нэхий хүрмээ өмсөөд гарч байсныг санадаг юм. Одоо бодоход тэд нар маань хичнээн их итгэж найдаж, бас санаа нь зовж, бас сэтгэл нь хөдөлж байсан бол гэж бодох.

Хүн болгоны итгэл үнэмшлийн төлөөлөгч болж хэсэг бүлэг хүмүүс Сүхбаатарын талбай дээр гарч ирж, тэдний хэл яриа үйлдэл болгоныг бүгд чих тавин сонсож байлаа. Олон хүний хэлэх гэснийг төлөөлөн хэлж тэдний хүслийг гүйцэлдүүлж өгсөн нь мэдээжийн магтаал сонсохоор сайн үйл хэрэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн давуу эрх эдлэх шалтаг биш юм.

Тухайн үед энэ хүмүүсийг цаашдаа 25 жил улиг болтлоо телевизээр харах байснаа мэдсэн бол хүмүүс арай өөр маягаар хандах байсандаа гэж боддог юм. Мөн хэдэн сар талбай дээр суучихвал цаашдаа 30 жил дархан эрхтэйгээр юу дуртайгаа хийх боломжоор хангагдана гэж мэдсэн бол бүгд нэг нэг цагаан хоолой байраад гүйлдэх байсан байхдаа ч гэж бодох.

Ямар ч байсан Монгол бөхийн дүрэм шиг өнгөрсөн баларсан гавьяагаараа дулдуйдан хамгийн туниа муутайг нь авч гуядсаар байнга давуу эрх эдлэх дархан аваргын цолыг тэдгээр хүмүүс хүртжээ. Бид ч гэж бид, хэн илүү жүжиг тавьж хэн илүү хулгай хийсэнтэй нь л зууралдаад байх. Хүн их хүндлэлийг хүртэх тусам илүү хатуу шалгуур, илүү хатуу давааг туулах ёстой. Мөн хүнийг өнгөрсөн баларснаар нь бус зөвхөн одоогийн чадамжаар нь үнэлэж дүгнэх нь зөв байлтай.

Одоо эргээд бодохооор, бага байсан болохоор Сүхбаатарын талбай дээр цагаан хоолойгоор юу гэж яриад байсныг огт санадаггүй юм. Харин тэр үеийн зургуудыг эргээд харахад "Би дарга больё, би бүгдийг нь хулгайлая!" гээд орилоод байсан юм шиг л санагдах.

Цаг хугацаа бүхнийг илээх хүчтэй тул нөгөө дархан аваргууд маань цагийн эрхээр халагдах солигдох цаг үе дөхөж байна. Энэ үед, шинэ залуус мөн урьдын адилаар тухайн цаг үеийнхнийхээ хүсэл мөрөөдөл итгэл найдварыг ярисаар гарах нь мэдээж. Гэхдээ энэ удаад тун нухацтай бодоцгооё. Таны сонгож байгаа хүн чинь, одоогийн баатрууд чинь таны үр хүүхэд нас биенд хүрэх үед дийлдэшгүй мангас болоод бүхний итгэл найдвар нандин бүхнийг цөлмөн дээрэмдэж байх болно гэж төсөөлдөө. Яг тэгэж мангас болохынх нь өмнө, эсвэл хүч чадал, чадвал чадамж нь буураад ирэхэд эсвэл түүнээс илүү хүн гараад ирэхэд, эсвэл болохгүй хүн байна гэдгийг нь мэдэх үед тэр дариуд нь хөөгөөд явуулж чадах эсэхээ байнга бодоцгооё. Энэ боломжыг өөрсдөө баталгаажуулж өгсөн тохиолдолд л сонгоё.

Алдаагаа засья!

Өнгөрсөн хугацаанд хэн хаана юу шахсан, ямар төсөл авч өгөөд талыг нь цавчсан, хаана ямар хамаатны хүнээ ажилд оруулсан гээд л Монгол жижигхэн болохоор бүгд л нөгөө хэдийнхээ талаар ам дамжуулан ярьж хүүрнэлдэх боловч ямар ч арга байхгүй. Үүнийг олж илчлэхийг хүсвэл хайран цаг бас бөөн зовлон тэгээд ч ингэж байж зөвхөн өөрөө хохироод өнгөрөх магадлал маш өндөр. Нөгөөх нь нэг үлгэр зохиогоод мэлзэж эхэлнэ, энэ нь яваандаа жүжиг болж хүн бүхэн талцаад хэсэг хөөрөөөд тэгээд мартаад өнгөрнө. Ийм юм хөөцөлдөөд явах завтай ч хүн алга.

Харин шинэ улс төрийн орчиндоо дараах зүйлийг тохироё тэгээд амлалтыг нь авая. Бид одоо хүн сонгохдоо, чи юу хийх вэ гэж асуухаас гадна чи ямар тохиолдолд өөрөө буух вэ гэдгийг нь асууж бичгээр амлалт авцгаая. Тухайн хүн өндөр хариуцлага үүрч өндөр эрх эдэлж байгаа бол өчүүхэн төдий ч хэр буртагтай байж болохгүй. Энэ нь жижиг том гэлтгүй бүх сонгууль томилгоонд хамаатай байг. Ямар нэгэн буруу зүйлд орооцолдон цуу яриа ч болтугай гарсан л бол. Хурлаа, ажлаа тасалсан бол. Төрийн ажлыг хувийн бизнестэй хутгасан бол, таны томилсон хүн алдаа гаргасан бол үг дуугүй буух ёстой. Цуу ярианы үнэн худал нь ч тийм чухал биш, ийм зүйлд нэр холбогдохоор харагдсан учраас л цуу яриа гарч таараа. Үүгээр улс төрийн кариер нь дуусах ёстой. Дөрвөн жил дэндүү урт. Япон, Солонгост бол улс төрийн байтугай өөрөө биологийн кариераараа төлөөсөө төлөх нь ч элбэг.

Шинээр гарч ирж байгаа хүн ч бай нам ч бай шинэ улс төрийн соёлыг бүтээж өөрөө өөртөө хариуцлага тооцдог зарчимыг бий болгоё. Үүнийг бид (сонгогчид) шинэ соёл, шинэ шалгуур болгож чадвал бусад нь дагахаас өөр аргагүй. Буруу зүйлд нэр холбогдвол заавал хүнээр хэлүүлээд чичлүүлээд байлгүй өөрсдөө хурдан зайгаа тавиад өгөх соёлыг дэлгэрүүлье. Энэ амлалтаа бичгээр бичээд online хэлбэрээр тавиад амлалтаа биелүүл. Тэгвэл таньд итгэе.

Үүнийг ямар нэгэн хуулиар зохицуулах нь тун ээдрээтэй бөгөөд илүү зардал юм. Бид АТГ-ийг мэднэ бас хэл ам хэрүүлийн бай болох. Хамгийн чухал нь ухамсар, ёс зүй тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн соёл.

Хэрэв энэ бүхэн үйлчлэхгүй гэж үзвэл сонгогчид бид "Нэхэл хатуу" гэсэн нэртэй шинэ тоглоомын дүрэм зохиосонч болох юм.

Sunday, March 8, 2015

Зүйлсийн Интернэт (Internet of things)

Магадгүй та "Internet of Thing" гэж сонссон болвуу. Гэхдээ яг юуг хэлээд байгааг хэлж мэдэхгүй байгаа биз. Үгчилвэл "юмнууд internet-д холбогдоно". Тэр юу нь сонин байна гэж зарим нэг хүн бодож байж ч болох юм. Гэхдээ тун удахгүй, хэдхэн жилийн дотор энэ нь, бүх хүнд хамаатай зүйл гэдгийг биеэр мэдрэх болвуу.

Хүмүүс үүнийг яг ийм зүйл гээд нэрлэчихэж чадахгүй байгаа нь, бүдэг бадаг зүйл учраас биш, маш том өөрчлөлт учраас тэр юм. Бүхнийг орвонгоор нь эргүүлэхээр ирж буй аварга биетэнтэй зүйрлэж болох юм. Дэндүү том учраас бүтэн дүрс нь ч харагдахгүй, хүн бүр өөрийн харж байгаа өнцгөөсөө нэрлэнэ. Зарим нь mobile гэх, зарим нь things гэх, хэсэг нь drone гэх, зарим нь big data ч гэх. Зах зухаасаа зарим нэгд нь бараа дүрс нь харагдаж, ирж буй аварга биетийн салхи мэдрэгдэж л байгаа байх. Энэ өөрчлөлтийн үед интернэт биднийг өөрчилсөн шиг мөн л бүх зүйл орвонгоороо эргэж шинэ бизнесүүд бий болж хуучин зарим нь нурна. Дэндүү аварга биет учраас үүнтэй тэрсэлдээд ямар ч амжилтанд хүрэхгүй. Бараг бүхий л бизнесийн салбарт нөлөөлж, үүнийг сөрсөн ямар ч том корпораци мөхөх болвуу.

Өөрт харагдаж байгаа өнцгөөс тайлбарлах гээд үзье: Та өөрийн гар утсыг зүгээр нэг холбооны хэрэгсэл гэхээс илүү хамтран зүтгэгч таны үйлчлэгч мэтээр мэдрэх нь бий. Ганцхан энэ гар утас бидэнд ямар их боломжуудыг нээж өгөв. Хичнээн олон шинэ бизнесийг бий болгов. Яг таний гар утаснаасаа авдаг тэр мэдрэмж бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйл дээр бий болно. Зөвхөн хүн биш, бидний эргэн тойронд байгаа бүх зүйл нийгмийн харилцаанд орж бие даан эсвэл нийтээрээ шийдвэр гаргаж таньд хариу үйлдэл үзүүлэх болно. Хөргөгч, тоос сорогч, цаг, гадаа байгаа гэрлэн дохио, гэрэл чийдэн, logistic энэ бүхэн хагас амь орох үзэгдэл юм.

Энэ өөрчлөлт яагаад урьд нь болчхоогүй, дараа нь болохгүй, яг одоо болох ёстой гэж? Энэ хувьсалыг нь хэн нэгэн хүн бодоод олчихсон зүйл биш, бас хэн нэгний өмч ч бас биш. Маш олон хүчин зүйлүүд нэг дор бүрдэн бий болж, хүмүүс шинийг бүтээх боломжоор хангагдаж байгаад гол утга учир нь оршино. Урьд өмнө байгаагүй хямд жижиг computation units, new censors, renewable energies, drones, cloud computing болон 3d printing. Энэ бүх боломжууд хэн хүссэн нь IoT гэж нэрлэж болох шинэ бүтээгдэхүүн бизнесийг бий болгох эсвэл одоо байгаа бизнесийг өөрчлөх боломжоор хангаж өгч байна. Гэхдээ яг ямар бизнэс, ямар бүтээгдэхүүн бэ гэдэг дээр бүгд л ухаанаа уралдуулж байна. Энэ нь заавал том корпораци эсвэл хөгжингүй улс гүрэнд боломжтой зүйл ч биш юм. Хэн хүссэн нь энэ өөрчлөлтийн нэг хэсэг болж шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой болж байгаа учраас гарцаагүй ирэх өөрчлөлт юм.

Бид энэ өөрчлөлтийг өөрсөд дээрээ олон түвшинд тусган харж болно. Хамгийн хүнд түвшинд бол IoT-ийн гол component-үүд болох chip, censor болон cloud computing-г бүтээх. Арай дараагийн түвшинд эдгээр бэлэн болж буй орцуудыг ашиглаад шинэ бизнэс шинэ бүтээгдэхүүн гаргахад хүчээ сорих. Одоо энэ бүхэн жирийн оюутан хийх боломжтой болж байгаа гэдгийг дахин нэг нуршья. Эсвэл бизнес хэрэглэгчийн түвшинд хандах, гарсан технологи санааг нэн дариу авч ирээд бизнесдээ хэрэглэх, ингэж чадвал бизнесийн тань нас уртсах нь дамжиггүй. Эсвэл бүр эцсийн хэрэглэгчийн түшинд бүх зүйл болоод дуусахад, амьдрал дээрээ аваад хэрэглэх. Та зөвхөн хэрэглэгч байхуу эсвэл бүтээгч байхуу гэдгээ сонгох боломжтой зүйлсийн интернэтийн үе ирж байна. Том хувьсал, том боломж.!



http://www.theregister.co.uk/2014/01/07/intel_demos_pconsd_tiny_computer_for_internet_of_things_and_wearables/
https://www.youtube.com/watch?v=3xOK2aJ-0Js
http://www.libelium.com/top_50_iot_sensor_applications_ranking/
https://www.pinterest.com/amyxmckinsey/iot-chips/

Google Analytics