Sunday, December 4, 2016

Би хэрхэн ажилладаг вэ? - Unread.today

Эх сурвалж - Unread.today
Өнөөдрийн зочин маань дэлхийн хамгийн том компаниудын нэг Google-д ажилладаг монгол инженер. 1998 онд Гүүгл-ийг үүсгэн байгуулагдсаны дараахан 11-р сургуулийг олон улсын математикийн олимпиадын мөнгө, хүрэл, улсын математикийн олимпиадын хошой алт, мөн физик, мэдээлэл зүйн медалиудтай төгссөн тэрбээр КТМС-д элсэн орж, тэндээсээ Солонгос улсад суралцан бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ. Улмаар 2008 онд Гүүгл компанийг ид шуугиулж, шинэхэн төгсөгчдийн мөрөөдөл болж байх үед шалгалт өгөн тэнцэж, Гүүглийн анхны монгол ажилтан болж байж. Гүүглийн Солонгос дахь оффист 6 жил ажиллаад 2 жилийн өмнө дэлхийн мэдээллийн технологийн салбарын “тархи” нь болсон Цахиур хөндий дэх компанийнхаа төв оффист шилжин ирж, орон орны шилдэг инженерүүдтэй хамтран, та бидний өдөр тутам хэрэглэдэг олон олон бүтээгдэхүүний ардах нарийн технологи дээр ажиллаж байна. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Б.Баттулга инженер Монголынхоо хоёр ч технологийн стартап компанид зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Байршил: АНУ, Калифорниа муж, Маунтайн Вью
Одоо хашиж буй ажил, албан тушаалGoogle компанийн ахлах софтвэйр инженер
Хэрэглэдэг гар утас: Nexus 5
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro Retina
Сошиал хуудсууд: @battulga11 (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Гүүгл бол инженерт суурилсан бүтэцтэй компани. Компанийн бүхий л шийдвэрүүдийг инженерүүд тооцоо судалгаан дээр үндэслэн гаргаж байдаг. Инженерүүд удирдах ажил хийх шаардлагагүй, харин менежер хүн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Харин тэд инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж өгөх үүрэгтэй байдаг. Гүйцэтгэх захиралтай ижил түвшний хоёр ч инженер Гүүгл-д бий. Тэд менежерийн ажил огт хийдэггүй зөвхөн код бичдэг байх жишээтэй. Тийм учраас Гүүглд инженер байх нь код бичихдээ зуун хувь төвлөрч, өчүүхэн жижиг зүйлсийг хүртэл анхаарах боломжтой болгодог.

Код бичихэд ажиллах орчин их чухал. Миний хувьд код бичдэг кийбордоо байнга авч явдаг. Кийбордоо өөрт болон хэрэглэдэг програмдаа тохируулж өөрчилсөн болохоор, өөрийн кийбордыг хэрэглэснээр цаг их хэмнэдэг. Жишээлэхэд, VIM гэсэн editor-т зориулан “Caps Lock” болон “Ctrl” товчуудыг сольсон. Мөн хулгана болон кийбордын хооронд гараа зөөхөд их цаг алддаг учраас богиносгосон кийборд хэрэглэдэг. Хулгана хэрэглэх үед бугуйнд их ачаалал өгдөг учраас ажил дээрээ баруун, зүүн гарын хоёр хулгана хэрэглэх жишээтэй. Эдгээр нь жижиг юм шиг хэрнээ яах аргагүй ажлын бүтээмжид нөлөөлж байдаг.

Үүнээс гадна хаанаас ч, хэзээ ч ажлаа хийх боломжтой орчинг бүрдүүлж чадвал их ажлыг зэрэг амжуулах боломжтой болдог. Үүний тулд лаптоп дээрээ код бичдэггүй. Кодоо хаанаас ч хандах боломжтойгоор cloud дээр бичээд лаптоп болон ажлын компьютерaa уг код руугаа хандахад ашигладаг. Ингэснээр хийж байгаа ажлаа шууд орхиод гарахад, дараа нь хаанаас ч гэсэн яг хийж байснаасаа үргэлжлүүлэх боломжтой. Ажиллах үед хамгийн их цаг алддаг зүйл бол хулгана удирдах байдаг. Тиймээс хэрэглэж байгаа програмуудаа аль болох кийбордоор удирдах боломжтой болговол их хурдтай ажиллах боломтой. Жишээлэхэд өдөрт ирдэг 200-300 имэйл тус бүрийг хулганаар click хийхэд л зөндөө цаг алдана. Тиймээс gmail-ийн shortcut-ийг хэрэглэнэ. Мөн дэлгэцийн хооронд шилжих, tab-уудын хооронд шилжихэд мөн shortcut хэрэглэснээр хурдаа нэмэгдүүлэх боломжтой. Тэр байтугай, тоо нэмэж хасах болон хөрвүүлэх зэрэг энгийн үйлдлүүдийг chrome browser-ийн javascript develop tool-ийг ашиглавал маш хурдтайгаар хулганад хүрэлгүй хийх боломжтой байдаг.

Ажлын явцад бусад харьцах гол хэрэгслүүд маань имэйл болон чат. Тиймээс имэйл болон чат хэрэглэхдээ дараах дүрмийг баримталдаг: Имэйлийн гарчгийг хараад унших эсэхээ шийдэх боломжтойгоор гол агуулгыг гарчиг дээрээ оруулах. Цаад хүн маань өдөрт магадгүй өдөрт хэдэн зуун имэйл аваад харалгүй өнгөрөөсөн байж магадгүй тул 2-3 имэйл бичээд, богино хугацаанд хариу авахгүй бол чатаар имэйл явуулсан тухайгаа бичдэг. Чатаар бичихдээ заавал зорилгоо шууд бичээд үлдээдэг. Ингэснээр нөгөө хүн маань цаг алдалгүй бодож үзээр хариугаа үлдээх боломжтой. Зүгээр “Hi” гэж бичээд үлдээдэг хүмүүс бий. Энэ бол том алдаа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Realforce-ийн кэйборд ашиглах дуртай. VIM, VIM Screen-ийг ашиглах дуртай. C+ дээр ихэвчлэн код бичнэ. Бусдаар бол ихэнх тохиолдолд Гүүглийн аппуудыг хэрэглэдэг юм байна. Gmail, Docs, Maps, Sites гээд.
Ер нь Гүүгл-д бүх л зүйлийг код бичиж хийдэг. Код бичдэггүй ажил гэж ер нь байхгүй. Документ бэлдэхдээ ч код бичнэ, бүхий л үйлдлүүд код бичиж явагддаг. Ингэснээр хэзээ, хэн, юуг, яаж өөрчилснийг бүрэн мэдэх боломжтой байдаг. Тийм учраас код бичих хэрэгслүүдтэй байнга харьцана.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?



ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

2-3 өөр хэлбэрийн ажлыг зэрэг хийх зүгээр байдаг. Заримдаа файл compile хийх гэх мэт хэдэн минутын сул зай гарах үед нөгөө ажлууд руугаа шилжин ажилладаг. Эдгээр дотор компанийн ч ажлууд байна, хувийнх ч байна. Үүнээс олон ажил зэрэг амжуулъя гэвэл анхаарал сарниад, үр дүнтэй болохгүй л дээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлын жагсаалтаа улирлаар гаргадаг. Ингэхдээ хамгийн чухал гэсэн зүйлсээ л бичнэ. Өдөр тутамд бол тусгайлан хөтөлдөггүй. Харин өдөр тутамд эргэж санах шаардлагатай зүйлс байнга гарч байдаг. Эдгээрийг нэг online document үүсгээд түүн дээрээ лог маягаар нэмээд явдаг. Нэмэхдээ дараа санаанд орох түлхүүр үгүүд болон бага зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, линкүүдийг бичиж үлдээдэг. Энэ документаа урт хугацааны санах ой маягаар хэрэглэдэг. Ингэснээр юуг ч мартахгүй, нэг хийсэн зүйлээ дахиж ухах шаардлагагүй болдог.

Баг бүр өөр өөрийн онцлогтой. Манай баг бол өдөр тутмын ажил болон уулзалтын тоог маш бага байлгахыг хичээдэг. Ингэснээр их цаг хэмнэдэг. Мөн код бичихээс гадна тусдаа давхар бичиг баримт үйлдэхгүйг хичээдэг. Бүх зүйлийг код дотроо коммент хэлбэрээр бичээд үлдээдэг. Ингэснээр код болон бичиг баримт хоорондоо зөрөх, мөн давхар ажил хийхийг багасгадаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хэцүү асуулт байна (инээв). Зөв, чухал, үр нөлөөтэй ажлыг олж сонгож хийхдээ дажгүй болов уу. Аливаа ажлыг барьж авахаасаа өмнө их боддог. Хэрэггүй, чухал биш зүйл хийхээс зайлсхийдэг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Гүүглийн Солонгос дахь салбарт байхдаа хайлтын системийн үр дүнг эрэмбэлэх алгоритм, “trends detection”, “showtimes” зэрэг төслүүд дээр ажиллаж байсан. Эдгээр нь шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн байсан. Энэ үед, олон тэрбум хүний интернэт хэрэглээг судлах янз бүрийн туршилтууд явуулж, хэрэглэгчийн талаар их зүйлийг сурч авсан. Сүүлдээ бүтээгдэхүүн дээрх ямар өөрчлөлтийг хэрэглэгчид яаж хүлээж авахыг ерөнхийд нь мэдэх мэдрэмжтэй болдог юм билээ.

Тэгээд Гүүглийн төв оффист ажиллан өөрийгөө сорих гэж Цахиурын хөндийд 2 жилийн өмнө ирээд, одоо user action prediction engine дээр буюу хэрэглэгчдийн дараагийн үйлдлийг таамаглах систем дээр ажиллаж байна. Дэд бүтэц дээр ажиллах нь эцсийн бүтээгдэхүүн дээр ажиллахаас их өөр л дөө. Маш олон баг манай систем дээр түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлдэг учраас олон зүйлийг бодолцож ажиллах ёстой байдаг. Youtube, Search, Google Now зэрэг 30 орчим бүтээгдэхүүн энэ системийг ашигладаг. Үйлчлүүлэгч багууд маань жил орчим нэг төсөл дээр ажиллаад бүтээгдэхүүнээ эцэслэн гаргах үедээ их ачаалалтай ажилладаг. Харин бидний хувьд 30 орчим багийн яг тэр ачаалалтай үед нь хамтран ажилладаг учраас байнгын өндөр ачаалалтай байхаас өөр аргагүй. Системийн ажиллагаанд хэзээ ч алдаа гарч мэднэ. 15 минутын дотор шийдэхгүй бол асуудал аваарын түвшинд шилжих аюултай. Ингэвэл асар богино хугацаанд олон сая долларын алдагдал учирна. Тиймээс хэзээ ч утсаа унтрааж болохгүй.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Яг одоо амралтаараа Монголд ирчихээд байна. Гэхдээ ажлаасаа бүрэн хөндийрөх бололцоо байхгүй л дээ. Өнөө өглөө л гэхэд 160 имэйл ирж.

Үндсэн ажлынхаа хажуугаар би Монголд стартап орчныг бий болгох, дутагдаад байгаа юмыг нөхөж өгөх зорилгоор хоёр монгол стартапад анхан шатны хөрөнгө оруулалт, менторын туслалцаа үзүүлж байгаа. Нэг нь интернэт худалдаа, нөгөө нь видео чиглэлийн стартап. Технологийн салбарт хөрөнгө оруулагчид ямар нэг санаанд биш хүнд хөрөнгө оруулдаг тул шинэ залуусыг дэмжиж, хэн гэдгээ таниулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн яваандаа венчур капиталд ажиллаж, хөрөнгө оруулалтын нарийн ширийнийг судлахыг хүсдэг.

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ТҮВШИНД ХҮРСЭН ҮҮ? ТА ЭНЭ ТАЛААР ЮУ ГЭЖ ДҮГНЭДЭГ ВЭ?

Одоохондоо монгол компаниуд гадны зах зээлд амжилт үнэхээр амаргүй юм билээ. Бидэнд хамгийн гол нь чадварлаг инженерүүд дутагдалтай байгаа. 10 жил мэргэжлийн түвшинд код бичсэн монгол хүн гарын 10 хуруунд багтахаар цөөхөн байна. Миний хувьд одоо л 8, 9 жил мэргэжлийн түвшинд код бичиж байна. Харин 10 жил мэргэжлийн түвшинд код бичсэн инженер 1000 орчим байвал Монголоос жинхэнэ өндөр зэрэглэлийн компани байгуулах боломж бүрдэнэ. Ер нь аль ч улсын хөгжил энэ тооноос шууд хамааралтай болж байгаа.

Манай Монголд нэг буруу хандлага байдаг нь тухайн хүн ажилдаа яг мэргэшээд ирэхээрээ “дарга” болоод юм уу өөр ажил хийгээд эхэлдэг. Бусдыгаа чирэх жинхэнэ экспертүүд л компанийг нуруун дээрээ үүрч явдаг. Үүнтэй холбоотойгоор нэг том жишээ хэлэхэд, Гүүглийн 2 топ инженерийн нэг нь Жефф Дийн гэж хүн байдаг. АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн. Энэ хүн орчин цагийн компьютерийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Зөвхөн судлаач биш, Гүүгл компанийн бүхий л суурь кодуудыг энэ хүн бичсэн. Одоо ч өдөржингөө код бичдэг, зэрэглэлээрээ гүйцэтгэх захирлын түвшний хүн хэрнээ. АНУ-д л ийм хэмжээний экспертүүдийг бэлдэж чадаж байна. Стартап экосистем бүрдэхэд ийм экспертүүдээс гадна, санхүүгийн эрсдэлийг даах хөрөнгө оруулагчид, амьдралаараа дэнчин тавих энтрепренерүүд, судалгаа хийдэг профессорууд, оюутнууд гээд олон талын хүмүүс хэрэгтэй. Солонгост жишээ нь бусад бүх зүйл нь байгаа ч ийм шилдэг экспертүүд байхгүйгээс экосистем нь сайн бүрдэхгүй байгаа. Үүнийгээ ч тэд мэдээд шийдэх арга замыг эрэлхийлсээр байна. Тийм ч учраас би жинхэнэ эксперт болж, бас энэ салбарт хөл тавьж буй залууст ирээдүйд эксперт болоход нь үлгэр дууриал үзүүлэх зорилготой.

Түүнээс гадна монголчууд чадна гэдгийг бид хараахан баталж нотолж хараахан чадаагүй байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаад түүндээ Монгол гэдэг нэр оруулахад л хөрөнгө оруулагчид шууд нүүр буруулах магадлалтай. Монголын 3 сая хүнтэй зах зээлд дэндүү жижиг учраас бусдын анхаарлыг татдаггүй. Тиймээс монгол гэдгээ тодотголгүй, том зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж байж дэмжлэг авах магадлалтай. Харин Монголынхоо зах зээлд бүтээгдэхүүнээ туршин дата цуглуулж, туршилт ийм боллоо гэж датагаа үзүүлээд, бусад зах зээлд ийм байх боломжтой гээд явахад боломжтой санагдсан. Харин туршаагүй санааг барьж авч гадны зах зээлд гарах боломж тун бага.

ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОДОО ЯВАГДАЖ БУЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ, ИРЭЭДҮЙН ХАНДЛАГЫН ТАЛААР ТА МАНАЙ УНШИГЧДАД СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

Химийн урвалууд, цөмийн физик, механик инженеринг гээд бүх л зүйлд маш их алдаа гардаг. Харин хүн төрөлхтөн 100 удирдаж буй нэг л зүйл байгаа нь дижитал ертөнц юм. Тиймдээ ч цаашид бүх зүйлийг дижитал болгох сонирхол бий. Интернет, мобайл гээд бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн том өөрчлөлтүүд бүгд л софтвер дээр суурилсан. Одоо дэлхийн топ компаниудын хэд нь софтверийн компани болж хувирсныг хараарай. Apple, Google, Microsoft, Facebook, Alibaba, Amazon гэсэн энэ тоо цаашаа улам нэмэгдэнэ. Бизнесийн бүх салбарт софтверийн тусламжтайгаар асар их өөрчлөлтийн эрин үе ирж байна. AirbnbTeslaSquareUberбол үүний тод жишээ. Цахиурын хөндий одоо бизнесийн бүхий л салбаруудыг эзэлж эхэлж байна.
Одоо бид IoT буюу “Зүйлсийн интернэт”-ийн үед явж байгаа. Энэ бол асар том өөрчлөлт. Компьютер гэлтгүй бүх л төхөөрөмж интернэтэд холбогдон ухаалаг ажиллагаатай болж байна. Тун удахгүй хүн төрөлхтнийг Artificial intelligence буюу “Хиймэл оюун” гэсэн үүнээс том өөрчлөлтийн үе угтах болно. Мөн л софтверийн салбар. Томоохон компаниуд хүний уураг тархинаас илүү үзүүлэлттэй хиймэл тархинуудыг бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлж байна. Жишээ нь зураг таних, яриаг текст болгох гээд тодорхой үйлдлүүдийг машин хүнээс илүү гүйцэтгэж чаддаг болсон. Энэ бол зөвхөн эхлэл. Одоогийн хиймэл оюунд хэрэглэгдэж буй аргачлалууд маань цоо шинэ юм биш л дээ. 1960, 70-аад оны үеэс гарч эхэлсэн санаанууд. Харин одоо яагаад дэвшил гараад байна вэ гэвэл их хэмжээний мэдээллийг боловсруулах төхөөрөмжүүд бий болж байна. Фэйсбүүк, Гүүгл зэрэг том компаниудад буй топ инженерүүд хиймэл оюун дээр ажиллаж эхэлсний үр дүн эхнээсээ гарч байна. Саяхан Гүүглийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны алгоритм AlphaGo дэлхийн хамгийн түвэгтэй оюун ухааны спорт гэгддэг го даамын дэлхийн хамгийн шилдэг тамирчин Ли Седолыг ялж шуугиан дэгдээлээ. Жил бүр 200 шинэ нүүдэл нээгдэж, боломжит нүүдлийн тоо нь 10-ын 761 зэрэгтэй тэнцдэг, энэ тоглоомын хамгийн шилдэг тамирчны эсрэг өөрөө суралцдаг зарчимтай алгоритм бүхий AlphaGo эхний гурван тоглолтондоо дараалан ялсан. Эндээс машин, хүн хоёр ялгаагүй юм байна гэсэн үр дүн гарч байна. Сэтгэн бодох нь хүний өмч гэсэн үзэл няцаагдлаа гэсэн үг.
Энэ салбарт хүлээгдэж буй зүйл бол зөвхөн хиймэл оюунд зориулагдсан машин бүтээх асуудал юм. Ийм машиныг бүтээгээд дараа нь хямд компьютерүүд гаргах шаардлагатай. Одоохондоо, хэрэглээнд гарахуйц бүтээгдэхүүн бий болгоход маш их өртөгтэй байгаа. Үүнийг зөвхөн Google, Facebook Microsoft, Amazon зэрэг компаниуйд л хэрэгжүүлэх боломжтой хэмжээнд байна. Хэрвээ үүнийг хямдаар хийх боломжтой болбол ямар бүтээгдэхүүнүүд бий болохыг таашгүй юм. Хүмүүс бид ёстой зоо паркийн амьтад шахуу болчихоод, монголчууд бид өнгөрсөн түүхээ байн байн сөхөж сэтгэлээ баясгадаг шиг нийт хүн төрөлхтөн бидний бүтээсэн роботууд тэр гарагийг эзэлж гэнэ, тэгж гэнэ, ингэж гэнэ гээд ярилцаад сууж байж мэдэх юм шүү (инээв).
Юутай ч хиймэл оюуны үе эхлэх үед мэдээллийн технологийн бус салбар гэж үндсэндээ үгүй болно. Тийм ч учраас улс орнууд өдгөө софтверийг 1-р ангийн хүүхдүүдэд зааж эхэлж байна. Бид ч үүнээс хоцрох ёсгүй юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байгаа үед сонсдоггүй. Ажлаа дуусгасны дараа зорьж хөгжим сонсох үе бий. Бүх л төрлийн хөгжим сонсоно. Голдуу сүүлийн үеийн.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Гүүгл-д 2 жилийн өмнөх мэдлэг мэдлэг биш болчихдог, өөрөөр хэлбэл бүх зүйл байнга шинэчлэгдэж байдаг тул жаахан юм хийх болсон ч асар их уншиж судлах хэрэгтэй болдог. Юу ч хийсэн, тэр нь дандаа шинэ, ойлгомжгүй зүйлс байдаг. Учир нь Гүүгл хүний мэдэж болох юмыг хийхгүй гэдэг зарчимтай. Тухайн зүйл нь хүний уншиж судлаад мэдчих юм байвал түүнийг автоматжуул, хүний мэдэх боломжгүй тийм ярвигтай зүйлсийг бид хийж байх ёстой байдаг гэсэн үг. Тийм ч учраас тухайн сэдвээр сүүлийн үеийн судалгааны ажлуудыг байнга л уншиж байдаг. Залуус маань ч гэсэн өөрийн сонирхдог судалдаг сэдвээр сүүлийн үеийг судалгаануудыг уншиж байх хэрэгтэй. Харин сүүлийн үед бусад салбарын ном унших зав тун бага гарч байна даа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Инженерүүд дундаа бол нээлттэй талдаа байх шүү (инээв). Би сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Юманд хөөрч догдлох, гутарч гуниглана гэж барагтай байхгүй. Энэ маань ажил дээр давуу тал болдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Ер нь ажил байхгүй бол 23 цагаас хэтрэлгүй унтахыг хичээдэг. Тэгээд өглөө 7 цагт сэрүүлэггүй босчихдог. Өглөө босоод хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд ажил руугаа явна. Шөнөжин сууж ажиллах үе бол мэдээж зөндөө. Өдөрт 2-3 цагийн нойртой 7 хоног явах үе ч байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хоббинуудаа бүгдийг хаясан ш дээ (инээв). Гэртээ ирээд ажилгүй бол унтаж амрахыг хичээдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Энэ асуултанд жаахан сонирхолгүй хариулах нь дээ (инээв). Сэтгэл санааны хувьд стресст орох, тогтворгүй байх асуудал гардаггүй болохоор төлөвлөснийхөө дагуу л ажиллаад, хийх ёстойгоо хийгээд явдаг. Эргээд харахад карьер маань ч гэсэн яг л төлөвлөсний дагуу ямар нэгэн огцом өөрчлөлтгүй яваад л байгаа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би 10 жилдээ зөвхөн математик л нүддэг байв. Бусад хичээлээ нэг их тоохгүй. Компьютерийн шинжлэх ухааны нэг жаахан хэсэг болох алгоритм нь математиктай төстэй учир алгоритмоор дамжаад мэдээлэл зүйд сонирхолтой болсон. Солонгост бакалавртаа голдуу л математикийн хичээлүүд сонгосоор байгаад давхар математикийн мэргэжилтэй төгссөн. Магистрт орсон хойноо ч судалгаа хийхдээ математикт илүү суурилсан судалгаа хийсэн. Математикийг төгс төгөлдөр, гоо сайхан зүйл гэж шүтэж явсан хүн тэгж тэгж бүхэл бүтэн 8 жилийн дараа жинхэнэ софтвер инженер ямар байх ёстой, хэнтэй хаашаа уралдах ёстойг ухаарч эхэлж байгаа юм. Тухайн үед бидэнд яриад зөвлөх мэргэжилтнүүд байсан бол илүү хурдан хөгжих боломжтой байсан болов уу. Тиймээс хойчийн дүү нартаа мэддэг чаддагаа зөвлөхийг хичээдэг.

ЗАЛУУСТ ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?

Төвлөрөх хэрэгтэй л гэж хэлнэ дээ. Барьж авсан зүйлдээ тууштай, эцсийг нь хүртэл явах хэрэгтэй.
Мөн энэ далимд нэг хэлмээр байгаа зүйл бол одоо цагт технологийн том компаниудад дөнгөж их сургуулиа төгсөөд орох нь ажиллаж байгаад орохоос илүү хялбар байдаг. Дөнгөж сургууль төгссөн залуусын юу хийж бүтээснийг харахаас илүү юм хурдан сурах, хүлээж авах чадварыг нь шалгадаг. Мөн Монголд сургуулиа төгссөн залуу байлаа гэхэд, цаад хүмүүс АНУ-ын сургуулиудтай харьцуулж мэдэхгүй. Энэ тохиолдолд өөрийгөө таниулах хоёр арга бий. Нэг нь интернетээр олон улсын тэмцээнүүдэд сайн оролцох явдал. Мөн эдгээр том компаниудад буй ажиллаж буй монголчуудаас тодорхойлох захидал авах.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Олон улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлдэг компанид ажиллаж байгаа мэргэжилтэн залуусаас ярилцлага авбал яг одоо бидэнд их хэрэгтэй санагдаж байна.

Saturday, April 9, 2016

Математик бол “ТӨГС ТӨГӨЛДӨР ГОО САЙХАН”, харин софтвер бол “ЭР ЗОРИГ, ХҮЧ ЧАДАЛ”

http://galbadrakh.com - Галбадрах гуайн блог дээрээс өөрийн ярилцлагыг хуулж тавьлаа.
 
..." I City Media" групптэй хамтран "Монгол хүн Монголын баялаг" ТВ нэвтрүүлгийн дугааруудыг бэлтгэж байхдаа энэ нэвтрүүлэгт Солонгосоос оролцож байсан Б.Баттулгыг эчнээ таних юм. Түүний оролцсон дугаар надад сонирхолтой санагдсан. Түүнээс хойш Б.Баттулгыг АНУ-ын Сан-Франциско хот дахь "Цахиурын хөндий"-н GOOGLE компаны төв оффист ажиллаж байгааг дуулсан юм. Сан-Францискод ажлаар очих далимдаа Б.Баттулгатай холбогдон цаг болзож, "Цахиурын хөндий" д уулзан ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
 
                                                              Нэг. НАМТРЫН ТОВЧООН
 
1.      11-р дунд сургууль /~1999/
2.      KTMC /2001/
3.      Inha university, Korea /2002~2006/
4.      Korea Advanced Institute of Science and Technology, Korea /2006~2008/
5.      Google /2008~/
 
                                            Хоёр. КОМПЬЮТЕРТ ОЙРХОН ӨССӨН БАГА НАС
 
-Г.Галбадрах: Хаана төрж өсөв? Аав ээжийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
 
-Б.Баттулга: Би 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав Завхан аймаг, ээж мань Говь-Алтай аймгийн хүн. Хоёулаа математикийн олимпиадад оролцож яваад танилцаж хожим нь Орос улсад суралцаж байхдаа гэр бүл болсон, эдийн засгийн Кибернетик мэргэжилтэй. Багадаа аав ээж хоёрын ажил дээр очиход нэг том танхимд нүсэр том компьютерүүд байсныг санадаг юм.
 
-Г.Галбадрах: Багаасаа л компьютерт ойрхон өсчээ дээ?
 
-Б.Баттулга: Намайг бага байхад манай гэрт, дээрээ олон нүхтэй бас тоотой дөрвөлжин цааснууд зөндөө их байдаг байлаа. Тэр цааснуудаар янз бүрийн тоглоом хийж тоглоно. Тэр нь одоогийнхоор бол компьютерийн "хард диск"-ны оронд хэрэглэдэг байсныг сүүлд мэдсэн. Нэг ёсондоо цаасан дээр хэвлээд хард дискны оронд компьютерт уншуулдаг технологитой байж. Багаасаа л компьютерт ойр өссөн. Аав намайг компьютер дээр суулгах дургүй. "Чи тэртэй тэргүй 10-р ангиа төгсөөд программ бичих болно, харин одоо математик сайн судла" гэж аав зөвлөнө.
 
-Г.Галбадрах: Дунд сургуульдаа хаана суралцаж байсан юм бэ?
 
-Б.Баттулга: 3 дугаар ангидаа гэртээ санамсаргүй радиогоор 11-р сургуулийн математикийн ангийн тухай сонсоод шалгалт өгч элсэн орсон. Би өөрийгөө их азтай гэж боддог. Үе үеийн хамгийн шилдэг багш нараар хичээл заалгасан. Энхжаргал багш, Эрдэнэсувд багш, Адьяасүрэн багш нар анги удирдаж, хичээл зааж байсан. Сүүлд Солонгост суралцаж байхдаа ч мөн адил хамгийн шилдэг багш, профессор нараар хичээл заалгаж байлаа.
 
-Г.Галбадрах: Тэр үед математикийн улсын олимпиадад оролцож байсан багш сурагчдын дунд чамайг "11-ийн Баттулга" гэдэг нэрээр олон хүмүүс мэддэг юм билээ. Олимпиадуудад амжилттай оролцож байсан уу?
 
-Б.Баттулга: Олон Улсын математикийн олимпиадаас "мөнгө", "хүрэл" медаль авсан. Харин улсын математикийн олимпиадаас 2 "алт", 1 “мөнгө”, 1 "хүрэл" медалиуд авч байв. Физик, мэдээлэл зүйгээр бас улсын хэмжээний медалиуд бий.  Сургуулиа төгсөөд КТМС-д software ангид элсэж орлоо.
 
                                            Гурав: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СОНГОЛТ
 
-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд КТМС-т software ангийг сонгож авах шалтгаан нь юу байсан юм бол?
 
-Б.Баттулга: Ер нь бол дунд сургуулиа төгсөөд софтверийн чиглэлээр суралцья гэж бодож байсан. Үүнийхээ дагуу 10-р ангиа төгсөхдөө Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцлоо. Өмнө нь мэдээлэл зүйн олимпиадад Монголоос оролцолгүй олон жил завсардсан үе байв. Тэр жил аз таарч манайхаас баг оролцох боломж бүрдсэн. Жагдагдорж багш тэр жил зардлыг дааж, удирдаж авч явсан юм. Тэмцээнээс ирснийхээ дараа, дараа жилийн олимпиадад оролцох хүүхдүүдийг бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ингээд тэр жил тэмцээнд явсан багаас 3 нь KTMC-д элсэн орж бас дараа жилийн багийг бэлдсэн. Нэг маань КТМС багш болж олон жил Монголын багийг үргэлжлүүлэн бэлдсэн дээ.
 
-Г.Галбадрах: Чи Солонгост бакалаврын зэргээр суралцсан уу? Ямар сургууль юм бэ?
 
-Б.Баттулга: Би Солонгост INHA их сургуульд 4 жил компьютерийн мэргэжлээр суралцаж, математик чиглэлээр давхар мэргэжил эзэмшиж төгссөн. INHA их сургуульд ирж байгаа Монгол оюутнууд сонгон шалгаруулалтаар ирдэг байсан болохоор Солонгос оюутнуудаас илүү сайн суралцдаг байсан шүү. 
 
-Г.Галбадрах: Энэ сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?
 
-Б.Баттулга: Сургуулиа бакалавр зэргээр төгсөөд Солонгосын топ сургууль болох KAIST-д хиймэл оюуны чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан. Тэнд сурч байхдаа АНУ-ын Беркелей дэх Калифорнийн Их Сургуульд түр ирж суралцаж байлаа. Тэр үеэд америк оюутнууд Google-ийн талаар л ярьдаг байсан үе. Тэр үед л "Сургуулиа  төгсөөд "Google-д ажиллах" ёстой юм байна" гэж бодсон. Солонгост буцаж ирсний дараа, Google-д шалгалт өглөө. Тэр жилүүдэд, Солонгост мөн адил оюутнуудын хамгийн их орохыг хүсдэг компаны жагсаалтыг Google тэргүүлж байсан үе. Тэр жил манай сургуулиас 2 оюутан тэнцэж орсон юм.
 
                                                        Дөрөв. GOOGLE -ийн ИНЖЕНЕР
 
-Г.Галбадрах: Хэдэн он байсан юм бэ?
 
-Б.Баттулга: 2008 онд Google-ийн Солонгосын салбарт  ажиллаж эхэлсэн. Хайлтын системийн алгоритм, “trends detection” болон “showtimes” гээд олон төслүүд дээр ажиллаж байв. Сөүлд ажиллаж байхдаа шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн дээр их ажилласан. Бүх шийдвэрүүд туршилт, статистик, судалгаан дээр үндэслэж гардаг. Олон жилийн турш 6 тэр бум хүнд үйлчилгээ үзүүлж судалгаа хийх боломж олдсон, үүнээс маш их зүйлийг сурч авсан гэж боддог. Хэрэглэгчид ямар өөрчлөлтийг хэрхэн хүлээж авахыг таамаглах, мэдрэмжтэй болдог юм билээ.
 
-Г.Галбадрах:  Google компаны Солонгосын салбараас Америкийн "Цахиурын хөндий" дэх төвд шилжиж ирэх шалтгаан тань юу байсан юм бол?
 
-Б.Баттулга: АНУ-д ирэх гол шалтгаан нь дэлхийн мэдээллийн технологийн "Тархи" нь болсон Silicon Valley буюу Цахиурын хөндийн уур амьсгалыг мэдрэхийг хүссэн. Алсдаа Монголын IT startup компануудын өрсөлдөх чадварыг өсгөхыг хүсвэл Цахиурын хөндийд ажилласан туршлага болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх нь хэрэгтэй гэж бодож байгаа. Ажлынхаа хажуугаар энэ чиглэлээр санаа тавьж цаг заваа зориулж байгаа.
 
-Г.Галбадрах: Чиний анзаарч байгаагаар Google компаны бусад компаниудаас ялгарах онцлог нь юу байгаа бол?
 
-Б.Баттулга: Google-ээр дамжиж анх олны анхаарлыг татаж байсан онцлог соёл одоо бол шинээр төрөн гарч байгаа компаниудад стандарт болсоор байгаа. Хамгийн онцлог зүйл нь инженерт суурилсан компаны бүтэц юм. Бидний мэддэг "дарга" гэсэн мэргэжил энд байхгүй. Компаны бүхий л шийдвэрүүд болон үйл ажиллагааг инженерүүд тооцоо судалгаан дээр үндэслэж гаргана.
 
Энд менежер хүн  бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй, харин инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж өгөх үүрэгтэй.Өөрөөр хэлбэл инженер болон менежерүүдийн үүрэг хариуцлагын ялгааг сайн гаргаж өгдөг гэсэн үг. Google-ийн vise president гэсэн цолтой хүмүүсийн ихэнх нь биечлэн код бичдэг инженерүүд байдаг.
 
-Г.Галбадрах: Энэ харин сонирхолтой мэдээлэл байна. Чи одоо Google дээ ямар чиглэлийн ажил хариуцаж байна вэ?
 
-Б.Баттулга: Одоо хэрэглэгчийн дараагийн үйлдлийг таамагладаг ерөнхий систем бүтээж байгаа. Ерөнхий систем гэдэг нь дэд бүтэц гэж хэлж болно. Маш олон багууд манай систем дээр түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Бид хэрэглэгчийн дараагийн үйлдлийг урьдчилан таамаглаж бусад багууд бидний таамаглал дээр үндэслэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлдэг. Дэд бүтэц дээр ажиллах нь шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн дээр ажиллахаас маш өөр байдаг.
 
-Г.Галбадрах: Урьд нь чиний хариуцаж гүйцэтгэж байсан ажлаас одоогийн энэ ажил тань ямар ялгаатай байна вэ?
 
-Б.Баттулга: Урьд нь зөвхөн өөрийн ажиллаж байгаа тухайн бүтээгдэхүүнээ хэвийн ажиллуулахад болдог байсан бол, одоо хэдэн арван бүтээгдэхүүн манай систем дээр ажиллаж байгаа учраас олон зүйлийг давхар бодолцох хэрэгтэй болдог. Хэзээ ч системийн хэвийн ажиллагаанд алдаа гарч болно. Өдөр шөнө харгалзахгүй 10 минутын дотор асуудалд хариу өгөх ёстой, хэрэв үгүй бол асуудал дараагийн шатны аваарын түвшинд шилжээд явна. Систем хөгжүүлэхийн хажуугаар нүсэр системийг хэвийн ажиллуулах ёстой болохоор илүү их ачаалалтай байдаг.
 
                                                      Тав. СОФТВЕРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
 
-Г.Галбадрах: Софтвер бол бидний өдөр тутмын амьдралд нилээд орон зайг эзэлж орж ирж байгаа нь анзаарагдаж байна шүү?
 
-Б.Баттулга: Хүмүүс софтверийн хөгжил, хүчин чадлыг маш дутуу үнэлдэг. Цаашдаа софтвер хүн төрөлхтний хөгжилд маш том байр суурийг эзлэх болно. “Интернет”, “Мобайл” гээд бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн том хувьсал өөрчлөлтүүд бүгд софтвер дээр суурилсан. Одоо дэлхийн топ компаниудын хэд нь софтверийн компани болж хувираад байгааг харахад илүү ойлгомжтой байх. Apple, Google, Microsoft, Facebook, Alibaba, Amazon гээд тоолж баршгүй. Энэ тоо цаашдаа улам өсөх болно.
 
Тун удахгүй хүн төрөлхтнийг “Хиймэл оюун”, “bio informatic” гээд үүнээс том өөрчлөлтүүд хүлээж байгаа. Эдгээр нь мөн л софтверийн салбар юм. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчлөж шинэ хүчирхэг тоглогчдийг бий болгоно. Софтверийн салбарт шинэ зах зээл, шинэ боломжууд олноороо бий болно. Магадгүй нийгэм тэр чигтэй софтвер дээр суурилсан байхаар төсөөлж ч болох юм.
 
-Г.Галбадрах: Тийм ээ. Мэдээллийн технологийн хөгжлийн хурдац гүйцэгдэхийн аргагүй хурдтай байнаа. "Хиймэл оюун ухаан"-ы үйлдвэрлэлийн талаарх яриа тань сонирхолтой байна шүү?
 
-Б.Баттулга: Мэдээллийн технологийн томоохон компаниуд, яг тухайн үйлдэл дээрээ хүний уураг тархинаас илүү үзүүлэлттэй хиймэл тархинуудыг бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлж байна. Жишээлэхэд: зураг таних, яриаг текст болгох гээд тодорхой үйлдлүүдийг машин хүнээс илүү гүйцэтгэж чаддаг болсон.  Энэ бол зөвхөн эхлэл. Одоохондоо энэ технологиуд маань нилээд үнэтэй том хэмжээний тооцоолох төвүүд шаардаж байгаа.
 
MIT, Stanford гэсэн томоохон сургуулиуд хүртэл, Google, Facebook болон Amazon дээр түшиглэн судалгаа хийхээс дангаараа хүчин чадал нь дутаж байх жишээтэй. Удахгүй хиймэл оюунд тусгайлан зориулагдсан хямд үйлчилгээнүүд болон тусгай зориулалтын хямд компьютерүүд худалдаанд гарч эхлэх болно. Тэр үед хиймэл оюунд суурилсан ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд шинээр төрөн гарахыг таахын аргагүй. Тэр үеэс жинхэнэ утгаараа машинууд хүнийг орлож эхэлнэ.
 
-Г.Галбадрах: Мэдээллийн технологийн хөгжлийн хурдацтай "хөл нийлүүлэх", үгүйдээ л "ойртож очих" хэрэгцээ шаардлага, монголчууд бидэнд зайлшгүй бий болж байна?
 
-Б.Баттулга: Үүний тулд бид софтвер инженерүүдийнхээ тоог эрс өсгөх шаардлагатай болж байна. Жинхэнэ мэргэжлийн түвшинд тасралтгүй 10 жил хөгжүүлэлт хийсэн монгол инженер хэд байгаа бол? Монгол улсын хэмжээнд 20 хүрэхгүй хүн байгаа болов уу? гэж бодож байна. Алсдаа, аль ч улсын хөгжил энэ тооноос шууд хамаарах болно. Миний хувьд мэргэжлийн түвшинд код бичээд дөнгөж 8 жил л болж байна. Бидний үед софтверийн чиглэлээр олон оюутан төгссөн боловч, ихэнх нь дундаасаа шантарсан эсвэл “дарга” гэсэн тодотголтой болж хөгжүүлэлтээ орхисон байдаг.
 
Одоогоос арван жилийн дараа дахиад л хорь хүрэхгүй мэргэжлийн инженертэй сууж байвал яах вэ? гэдэг асуулт маш их санаа зовоож байна. Тиймээс энэ салбарт дөнгөж хөл тавьж байгаа 90-ээд оны залууст үлгэр дуурайлал болж тэднийг 10 жилийн дараах жинхэнэ мэргэжилтнүүд болгох нь миний үүрэг гэж бодож байгаа. Хэрэв бид хорь биш хорин мянган жинхэнэ мэргэжилтэнтэй болчихвол Монголоос төрөн гарах аварга софтвер компаниудыг хэн ч зогсоож дийлэхгүй болно доо. Энэ бол бидний ирээдүйн зорилго мөн.
 
-Г.Галбадрах: Софтвер инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд суурь мэдлэг нь математик байх уу? Монголын математик сургалтын аргачлал, үр дүн нь чамлалтгүй юм уу? гэж надад анзаарагддаг юм. Энэ талаар чиний бодол?
 
-Б.Баттулга: Софтвер инженерүүд дунд математикийнхан нилээд бий. Монголын математик сургалтын түвшин олон улсын хэмжээнд нилээд дээгүүрт тооцогддог байсан. Харин сүүлийн үед жаахан буураад байгаа юм уу? гэлтэй байгаа. Үүнийг улам сайжруулах шаардлагатай. Софтвер инженерүүдийг ажиглахад 2 янз байдаг. Нэг нь математикт дур сонирхолтой хүүхдүүд алгоритмаар дамжин софтверт сонирхолтой болсон байдаг. Нөгөө хэсэг нь багаасаа софтверийг хакер талаас нь илүү сонирхож орсон байдаг. Эдгээр хүмүүсийн чадвар хоорондоо ялгаатай, гэхдээ жинхэнэ амжилтанд хүрч байгаа инженерүүдэд энэ хоёр чадвар хосолсон байдаг.
 
-Г.Галбадрах: Софтверийг товчоор тайлбарлавал?
 
-Б.Баттулга:  Математикийг бол “Төгс төгөлдөр, гоо сайхан”тай, харин софтверийг бол “Эр зориг, хүч чадалтай зүйрлэж болно.” Би Их Сургуульд 6 жил суралцаж нэг хоёр жил  Google-д ажилласны дараа л үүнийг ойлгож мэдэрч байгаа юм. Математикийн гоо сайхантай харьцуулбал Софтвер гэдэг чинь хачин царай муутай амьтан. Гэхдээ софтверт өөр юунд ч байхгүй эр зориг хүч чадал бий. Эргээд бодоход, би бас софтверээс матетикийн гоо сайхныг хайж их төөрөлдсөн юм шиг билээ. Үүнийг л сайтар ойлгосны дараа л софтверт чин сэтгэлээсээ дурлаж байгаа юм.\инээв\
 
                                                    Зургаа. ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
 
-Г.Галбадрах: Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, зөөврийн компьютер, фейсбуук болон хэрэглээний олон программууд аажимдаа хувь хүний хөгжил, хувь хүний мөн чанарт муугаар нөлөөлж болзошгүй мэт надад санагдаад байдаг юм. Уураг тархиа ажиллуулахаас хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнд уусаж, аажимдаа хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдийн цуглуулга болж ч магадгүй? гэж заримдаа надад бодогддог юм.
 
-Б.Баттулга: Мэдээллийн технологи, гарцаагүй бидний амьдралд болон бие мах бодид маш ихээр нөлөөлж байгаа. 80-аад оныхон болон 90-ээд оныхны хооронд гэхэд л сэтгэлгээний маш их ялгаа ажиглагддаг. Зарим чадварууд байхгүй болж ч байгаа байх. Гэхдээ бидний тархины нэг хэсгийг компьютер орлож болж байхад тэр чадварын шаардлага байхгүй л болов уу? Харин ч хүн төрөлхтөн шинэ орчинд ийм хурдан дасан зохицож өөрчлөгдөж байгаа нь гайхалтай. Жишээлээд хэлэхэд, хүн төрөлхтөн анх гутал хийж өмссөн гэж бодъё. Тэр үед ч мөн адил гуталнаас болоод орчин үеийн хүүхдүүдийн хөл муудаж байна гэж санаа зовж байсан болов уу? Харин одоо бол гутал хүн төрөлхтөнд муугаар нөлөөлсөн гэж ярих хүн байхгүй.
 
-Г.Галбадрах: Монгол залуус софтвер чиглэлийн компаниуд байгуулаад хамтарч ажиллахаар зорьж байгаа тухай чи дээр дурдсан. Мэдээж энэ маш хэрэгтэй эхлэл гэдэгтэй би санал нийлж байна. Та нарын ойрын зорилт тань юу вэ?
 
-Б.Баттулга: Бид Цахиурын хөндийг хөрөнгө оруулагчдаар дүүрэн газар гэж ойлгодог. Хүнтэй 30 минут яриад л хэдэн сая долларын хөрөнгө оруулалт авсан талаар зөндөө сонсож байсан байх. Тэр нь нэг талаар үнэн, мөн олон зүйл шаардалгүй хөрөнгө оруулалт хийдэг нь ч үнэн. Гэхдээ нөгөө талаас хэн ч хамаагүй жаахан худлаа яриад хөрөнгө оруулалт авах боломжтой гэж ташаа ойлгодог. Тэд ямар нэг санаанд биш, ямар нэг бизнес төлөвлөгөөнд биш "хүн"-д хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулагчдийн хувьд "Чи хэн бэ?" гэдэг хамгийн чухал. Тэдэнд хэн хэдгээ харуулж чадаагүй бол сохор зоос ч олдохгүй. Тиймээс бид алхам алхмаар "хэн" гэдгээ таниулж, тасралгүй ахиж байгаагаа харуулах ёстой. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хэд хэдэн шинэ залуусыг дэмжин ажиллаж байгаа.
 
-Г.Галбадрах: Чи ер нь 90-ээд оны залууст их найдвар тавиад байнаа даа?
 
-Б.Баттулга: Тэгэлгүй яахав. Бидний үеэс мэргэжлийн инженер дэндүү цөөхөн гарсан учраас, томоохон зүйл бүтээх боломж тун бага байгаа. Тиймээс дараагийн үед найдлага тавьж тэдэнд туслаж дэмжих нь чухал. Бидний үеийнхэн болж өгвөл энэ салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагч болохыг хичээх ёстой мэт санагддаг?
 
-Г.Галбадрах: Мэдээж энэ салбарыг хөгжүүлэхийн тулд, Төр Засгаас ч бодлогоор дэмжих хэрэгтэй байх?
 
-Б.Баттулга: Төр засаг оролцохгүй байх нь хамгийн том тус дэм болж байгаа хэрэг гэж хэлж болно. Мэдээллийн технологи нь цаг минутаар өөрчлөгдөж байдаг зүйл харин хууль журам хэзээ ч үүнийг гүйцэх боломж байхгүй.
 
Жишээлэхэд Солонгос улсын тухайд олон жилийн өмнө "хамгийн мундаг цахим төлбөр тооцооны аргачлал гаргалаа" гээд үүнийгээ хуульчилж орхисон. Харин салбарын мэргэжилтнүүд энэ хууль Солонгосын мэдээллийн технологийг 10 жилээр ухрааж уналтанд оруулсан гэж үздэг. Сүүлд ерөнхийлөгч нь ард түмнээсээ уйчлалт гуйж энэ хуулийг хүчингүй болгосон. Хууль, дүрэм журам энэ салбарыг хурдыг гүйцдэггүй.
 
-Г.Галбадрах: Тэгэхээр алив хөгжлийг хуулиар зохицуулж, хязгаарлаж болдоггүйн жишээ юм уу даа?
 
-Б.Баттулга: Тийм гэж хэлж болно. Ялангуа Солонгос Улсын тухайд маш олон буруу хууль журмаас болж энэ салбрын өрсөлдөх чадвараа эрс бууруулсан. Цагтаа, Гар утсаар, онлайн тоглоомоор дэлхийд тэргүүлж байсан. Үүнийгээ засахын тулд саяхнаас “Software Policy Research Center” гэж хэдэн зуун судлаачид, инженерүүдээс бүтсэн судалгааны төвийг Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж энэ төрлийн буруу хуулиудаа засахыг эрмэлзэж байна.
 
-Г.Галбадрах: Бас энэ салбрын өрсөлдөөн чухал үүрэг гүйцэтгэх байх гэж бодож байна?
 
-Б.Баттулга: Өрсөлдөөнийг бий болгох нь маш чухал. Монгол хүүхдүүд бүгд л багадаа ноцолдож барилдаж үздэг. Тэр дундаас үнэхээр хүчтэй, зоригтой, авьяастай хүүхдүүд нь тунаж үлдээд бөх болдог. Бүх нийтийг хамарсан энэ их өрсөлдөөний дундаас бөх болж байгаа учраас Монголоос сумогийн аваргууд төрж байгаа хэрэг. Бид энэ зарчмаар, багаасаа өндөр өрсөлдөөн дунд инженерүүдээ бэлтгэдэг болгох хэрэгтэй санагддаг.
 
-Г.Галбадрах: Энэ санаа тань надад таалагдаж байна. Нөгөө талаасаа софтверийн хөгжлийн ирээдүйн төлвийг ч бид анхаарахгүй байж болохгүй юм шиг?
 
-Б.Баттулга: Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн автоматжуулалт, байгууллагын бүтэц дээр тулгуурлаж бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулсаар ирсэн. Харин одоо бол бизнесийн бүх салбарт софтверийн тусламжтайгаар маш их optmiization хийх боломжтой эрин үе ирж байна. Uber үүний тод жишээ юм. Uber бол Цахиурын хөндийгөөс софтвер инженерүүдийн төрүүлсэн 40 тэрбум долларын таксины компани. Amazon, Airbnb, Tesla, Square гээд маш олон ийм жишээг татаж болно. Цахиурын хөндийгөөс одоо  бизнесийн бүхий л салбаруудыг эзэлж эхэлж байна. Хиймэл оюуны үе эхлэх үед мэдээллийн технологийн бус салбар гэж үндсэндээ үгүй болно.
 
                                                    Долоо. БИД БАЯЛАГТАЙ ОРОН МӨН ҮҮ?
 
-Г.Галбадрах: Сонирхолтой төсөөлөл байна. Монголын хөгжлийн талаар анзаарч, дүгнэж байгаа юу?
 
-Б.Баттулга: Монголд маань одоо уул уурхайн салбартаа илүү анхаарлаа хандуулаад, тэндээс мөнгө орж ирэхээр бусад салбруудаа хөгжүүлнэ гэж төсөөлөөд байх шиг байгаа юм. Яг үнэндээ Монголын байгалын баялагийн хэмжээг бусад баялагтай орнуудтай тоо хэмжээгээр нь харьцуулахад үнэхээр юу ч байхгүйтэй адил шүү дээ.
 
200 треллон куб мерт байгалын хийтэй Орос, 300 биллион баррель нефьттэй Венесуэл, Арабын орнууд бол өөр хэрэг. Дэлхийн хэмжээнд их хэмжээний газрын тос, байгалийн хий зэргийг л "баялаг" гэж тооцож байна шүү дээ. Ийм том хэмжээний газар нутагтай  мөртлөө манайх шиг хоосон газар дэлхий дээр ховор байх шүү. Баялаггүй дээрээ ус ч, хүн ч алга байна. Бид "дэндүү их баялагтай" гэж бодох нь төөрөгдөл мэт санагддаг. "Бидэнд байгалийн баялаг байхгүй" гэж бодоод хөгжлийг өөр өнцгөөс харах нь хамаагүй дээр юм шиг надад заримдаа санагддаг юм.
 
-Г.Галбадрах: Бид энэ талаар санаа тавьж бодохгүй, анзаарахгүй байгаа. Харин залуус та нар өөр талаас нь харах хэрэгтэй болж байгаа шүү дээ?
 
-Б.Баттулга: "Байгалийн баялагтай орон" гэдэг өнөөгийн хэлц үгийг залуус бид ор тас мартах хэрэгтэй мэт санагддаг. Яаж богино хугацаанд инженерийнхээ тоог зуу дахин, мянга дахин өсгөх вэ гэдгийг л бодох хэрэгтэй мэт. Үүний тулд бид өөрсдөө бусдад үлгэр дуурайлал болж дагаж дуурайх хүслийг төрүүлэх ёстой байх.
 
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад таатай байлаа. Чиний ярианаас хөгжлийн тухай огт өөр төсөөлөл авлаа, миний хувьд. Бас мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний салбруудад ажиллаж байгаа монгол залуусын нэгдэл, хамтын ажиллагааны оролдогуудын талаар сонсож мэдэрч байхдаа баяртай байгаа шүү. Хэзээ нэгэн цагт та нарын энэ хичээл зүтгэл амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Та нарт амжилт хүсье.
 
-Б.Баттулга: Уулзаж ярилцсан танд ч бас баярлалаа. Мэдээллийн технологийн хөгжил, софтвер хөгжлийн талаар өсч өндийж байгаа монгол залууст ойлгуулж сурталчлах хэрэгтэй байна. Та бид 2-ын ярилцлага энэ санаанд бага боловч нэмэр болох байх гэж найдаж байна. Бид өөрсдөө бас хичээх хэрэгтэй болж байна.
 
...Софтвер дээр суурилсан дэлхийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар тайлбарласан түүний яриа сонирхолтой төдийгүй уламжлалт хөгжлийн тухай миний бодлыг ч өөрчилсөн. Уул уурхайн баялагтаа  дулдуйдаж биш, шинэ үеийн залуусын уураг тархины хөгжил дээр Монголын хөгжлийг төсөөлж харсан нь, түүний төлөө өөрийн чадах зүйлээ хийж эхэлж байгаа нь надад сайхан сэтгэгдэл төрүүллээ.
 
Өнгөрсөн зун тэрээр Монголынхоо 14 залуусыг дагуулан Хонг Конгод болсон мэдээллийн технологийн "Хөрөнгө оруулалт"-ын арга хэмжээнд оролцож тэдэнд  энэ талаар мэдлэг мэдээлэл авах боломжийг олгосон нь бодит ажлуудын нэг нь. Монголын дунд сургуулиудын сурагчдад код бичихийг зааж сурган, мэдээллийн технологи болон софтверт дурлуулан олон олон софтверийн инженерүүдийг бэлтгэх нь алсдаа Монголын хөгжлийг дэлхийн түвшинд аваачих том боломж гэж тэрээр үзэж байгаа юм.
 
"Цахиурын хөндий"-д ажиллаж байгаа монгол залуус болон АНУ-д суралцаж байгаа олон монгол залуус ч энэ талаар санаа тавьж "зуны сургалт"-уудыг зохион байгуулж, оюутан сурагчдыг хэрэгтэй мэдээллээр хангах ажлуудыг санаачлан хийж байгаа. Дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа монгол залуус  Монголын хөгжлийг "байгалын баялаггүй", харин "хүн баялаг" тайгаар харж байгаа нь хамгийн үнэтэй санаа. Энэ бүхэнд Б.Баттулгын хувь нэмэр их байгаа. Чамд их баярлалаа, бас амжилт ерөөе, Б.Баттулгаа.

Google Analytics